Ц. Дэлгэрмаа — Үргэлж нурдаг өөрийгөө
Үргэлж нурдаг өөрийгөө
өдөр бүр «барьсаар» яваа
Үзэсгэлэнд, хүч чадалд, хүн байхад ч
үнэхээр заримдаа тэнцэхгүй гэж санадаг...
Гэлээ ч
Өндийлгөсөн тэнхээт гар – эцэг эхээ санахаар
өчүүхэн дорой ч байг,
өөрийнхөө төлөө ч биш байг
Эцэс төгсгөлгүй нурсан хэвээр,
эргэж нүхнээс өндийсөн хэвээр
үлдэхээр шийддэг.
Өөрөөс минь дорой нь хэн ч бүү байг,
өт хорхойст ч болов нөмөр болог гэж
үлдсэн тэнхээгээ сэлбэсээр байдаг.
Үрэгдэж одсон нэгний минь
үхлийн цуурай, амьдралын дуулиан ч
үүнээс чухал нь үгүй гэх
үргэлжийн сануулга болдог.