А. Эрдэнэ-Очир — Болжмор далиа сэгсэрч эрхэлнэ
Болжмор далиа сэгсэрч эрхэлнэ
Бороо орох нь дээ …
Би чамайг санах нь дээ …
Бодолд хун цэн ниснэ
Босуул салхи намдах нь дээ …
Би чамайг санах нь дээ …
Үүл нөмрөн чийг ханхална
Үрээ морь чөдрөө тасдах нь дээ …
Би чамайг санах нь дээ …
Уул барайж манан татна
Урд хөндий рүү нь ус буух нь дээ…
Би чамайг санах нь дээ …
Алсаас нэг морьтой хүн ирнэ
Адуугаа сураглах нь дээ …
Би чамайг санах нь дээ …
Аадар гэнэтхэн шаагиж эхэлнэ
Аргал норох нь дээ …
Би чамайг санах нь дээ …
Сарын газар ч энүүхэнд байна
Санаа алдах нь дээ …
Би чамайг улам их санах нь дээ …