Д. Галсансүх — Үхэлд хамгаас хүсэж хүрэх үнэхээр хэцүү зам
Үхэлд хамгаас хүсэж хүрэх үнэхээр хэцүү зам
Үүл, од, нар, сар, салхийг мэдрэх үлэмжийн сайхан там
Гэртээ суусан цэцнээс гарч явсан тэнэг дээр гэх
Гэнэхэн үнэн, үй зайгүй үйлийн үрийн гэрчлэл гэх
Манасан зүүдний минь мөнхийн бодит биелэл болох
Мартагдашгүй учрал, хагацлын сэтгэлийн толин дэх тусгал болох
Аян замын урт холд уйдаж уйтгарлаж барсан
Аян замын урт холд уйдалгүй уйтгарлалгүй барсан
Хүн, хэн ч хүсэвч хөлд нь үрэгдэж мэдэх аян зам
Хэн, юу ч хөндөлсөж мэдэх, мэдэхийн аргагүй амаргүй жам
Хүрсэн хойно оо хөлсөө арчих ариун мэдрэмжийн амт
Хүссэн юм хүзүүгээр татлаа гэх хүнд бодлын хамт
Ном уншиж, зураг дарж, нойр авч, нүүрээ угаах
Нааш цааш холхин, хөшсөн биеийн чилээ гаргах
Очсон хойно оо орчлонгийн үнэнтэй нүд нүдээрээ ширтэлцэх
Ор дэрэн дээр тухлаад тамираа тасартал тансаглах