Ц. Гончиг — Уйлмаар, гунимаар

Уйлмаар, гунимаар
Уйтгартай байна, нэрийг чинь мартмаар
Унах навчис нүдийг минь бүрхээд
Улбар шар өнгө надад зохихгүй байна.

Улаан дарсанд биш, жүржинд согтодгийг чинь
Уусмал энэ өнгөнд яагаад тэгтлээ дурладгийг чинь
Намарт, навчисын үхэлд хичнээн дуртайг чинь
Намайг яаж мартаж чадсаныг асуумаар байна.

Нугас, ангир, цэн тогорууд цөм чиний адил
Нууцаар намайг гээсээр байна.
Нүүх үүлс, хэрмэл салхи, эзгүй цөөрөм
Нүүр буруулаад огт намайг танихгүй байна.

Сэтгэлдээ би хуруугаа дүрж
Сэржим өргөөд шувуудыг үдсээр байна.
Бүгдийг ор тас мартаад, яг чам шиг
Бүүр холын жим дагаад нисмээр байна.

Монгол бичгээр унших