Л. Өлзийтөгс — Одоо ганцхан дурлачхаад үхье
Одоо ганцхан дурлачхаад үхье
Одоо ганцхан дурлуулчхаад үхье
Одоо ганц л намрыг, шарласан тэнгэртэй нь харчхаад...
Орь залуухан хавраар нэг л амьсгалчхаад...
Бов бор шорооноос ногоон өнгө дэлгэрэхийг үзчихээд
Болжморын нүдэн дэх инээмсэглэлийг гэрэлтэн гэрэлттэлээ харчхаад
Өвс чирсэн шоргоолжийг үүр лүүгээ зүтгэхийг үзчихээд
Өндрийн ганц шувууг саравчлан саравчлан харчхаад
Би эндээс явъя
Солонго руу давхиж яваа эрмэг цагаан гүүг
Солонгон доторх солонготой нь ганц л харчхаад явъя
Модод шөнөөр ододтой байраа солихыг үзчихээд
Одны гэрэлтэй усанд хөлөө нэг л дүрчхээд
Бүр явъя
Ээ!, хэчнээн их хүсэл, сэтгэл яасан их вэ!
Хэний ч бичээгүй шүлэг ганцыг биччихээд л ...