
Өчүүхэн шүү дээ амьд байна амьдарна гэдэг
Өөртөө өгсөн амлалт эцэслэхэд
Шившиж явсан шүлгийн мөрөө мартахад
Шөнө барагдахгүй, балар хөвч шиг санагдахад
Энгэрээс үнэр чинь арилахад
Энгэсэгт чинь цайсан алга дарам зайг
Өөр энгэсэг өөрчилж дарахад
Өөрийг чинь тэгсэн ч би санасаар л байхад
Цас ороход, бороонд нороход
Цайгаа уухдаа ганцаардаад байхад
Шувуу хагсахад, гол хөлдөхөд
Шар навчнаар нохой минь үхэхэд
Дагаад энэ амьдралаа ч дуусгамаар шиг
Даанч өчүүхэн шүү дээ амьд явна гэдэг
Мөс уясахад, ижийгээ санахад
Хийцтэйг цайг нь хийж уухад
Адуу гүентэхэд, аав хүн зовниход
Зайгуул малынхаа толгойг
Замын жалганаас олоход
Хавар болоход, салхи үймцэхэд
Хөр цас булшны чулуу даган хайлахад
Эмзэглэл дүүрэн амьдарч яваагийн шалтгаан
Энгийн энэ л зүйлс гээд ухаархаар ч
Урамгүй шүү дээ, амьд явна гэдэг.